{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 11 311914, 7010 0261, 7010 0263
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbcapital.mn
МОНГОЛ УЛСЫН ЗЭЭЛЖИХ ЗЭРЭГЛЭЛИЙГ ХЭВЭЭР ХАДГАЛАВ

МОНГОЛ УЛСЫН ЗЭЭЛЖИХ ЗЭРЭГЛЭЛИЙГ ХЭВЭЭР ХАДГАЛАВ


Олон улсад зээлжих зэрэглэл тогтоогч байгууллагуудаас Moody’s, Standard & Poor’s болон Fitch Ratings агентлагуудыг “Том 3” хэмээн нэрлэдэг ба эдгээр байгууллагуудын гаргасан урт хугацааны зээлжих зэрэглэлийг дараах хүснэгтийн дагуу тайлбарладаг байна. (Хүснэгт 1) Монгол улсын хувьд зээлжих зэрэглэлийг олон улсын зэрэглэл тогтоогч эдгээр 3 агентлаг тодорхойлсон байдаг ба Standard&Poor’s агентлагын хувьд 1999 оноос, Moody’s болон Fitch Ratings агентлагууд 2005 оноос тус тус тогтоож эхэлжээ. 

Moody’s 

Moody’s агентлаг хамгийн сүүлд 2020 оны 01-р сарын 21-ний өдөр Монгол улсын зээлжих зэрэглэлийг “B3” хэвээр хадгалж, хэтийн төлөвийг “тогтвортой” гэж үзлээ. Монгол улсын төсвийн алдагдал болон өрийн хэмжээ нь ижил зээлжих зэрэглэл бүхий улс орнуудын голчтой ойролцоо байгаа нь Монгол улсын төсвийн эрсдэлийн эсрэг хамгаалалт болж байгаа ч зохицуулах байгууллагууд болон тэдгээрийн засаглал сул байгаа нь зээлжих зэрэглэлийг хязгаарлаж байна. Мөн Монгол улсын эдийн засгийг түүхий эдийн үнийн мөчлөгөөс бага хамааралтай болгох шинэчлэлүүд сул хийгдэж байгаа ба одоогоор макро эдийн засгийн бодлогод үүнтэй холбоотой шинэчлэлүүд тусгагдаагүй байна гэж мэдээлжээ. Moody’s агентлагийн үзсэнээр БНХАУ сэргээгдэх эрчим хүчийг илүү сонгож байгаатай холбоотой түүхийн эдийн ханш буурч байгаа ч гангийн үйлдвэрлэлийн эрэлт тогтвортой байгаа тул Монгол улсын эдийн засгийн өсөлт өндөр байна гэсэн хүлээлттэй байна. Түүнчлэн, Монгол улс богино хугацааны гадаад өр төлбөрөө төлөх хангалттай чадамжтай байгаа ба түүхий эдийн ханшийн савлагаанаас үүсэх эрсдэлийг бүтцийн өөрчлөлтөөр болон засаглалын сайжруулалтаар шийдэж чадвал зээлжих зэрэглэл нэмэгдэх боломжтой байгаа ч Монгол улсын хямд өртгөөр санхүүжилт босгох боломжууд хумигдаж байгаа нь зээлжих зэрэглэлд сөргөөр нөлөөлж байгааг онцолжээ.

Fitch Ratings 

Fitch Ratings агентлагаас хамгийн сүүлд 2019 оны 7-р сарын 4-ний өдөр Монгол улсын урт хугацааны зээлжих зэрэглэлийн үнэлгээг “В” хэвээр үлдээж, хэтийн төлөвийг “тогтвортой” гэж үнэлсэн байна. Тус үнэлгээгээр Fitch Rating агентлагийн зүгээс Монгол улсын эдийн засаг эерэг хүлээлттэй байгаа ба сүүлийн жилүүдийн төсвийн үзүүлэлтүүд сайжирч байгаа ч эдийн засаг нь уул уурхайн салбараас хэт хамааралтай, гадаад хүчин зүйлсийн эрсдэлээс хамгаалах бололцоо сул ба улс төрийн тогтворгүй байдлаас хамаарч эдийн засгийн бодлого огцом өөрчлөгдөж, энэ нь цаашлаад эдийн засагт гэнэтийн шок учруулах магадлал ихтэй байгааг онцолжээ. Төсвийн үзүүлэлтүүд Fitch агентлагийн хүлээлтээс илүү сайжирсан ба гадаад валютын албан нөөцийн түвшин нь өнөөгийн Монгол Улсын гадаад төлбөр тооцооны дүнгээс ойролцоогоор 4.4 дахин их байгаа нь зээлжих зэрэглэл “BB” үнэлгээтэй улсуудын голчтой ойролцоо байна. Мөн төсвийн эрсдэлүүдийн эсрэг хамгаалалт сайжирч байгаа ч нийт гадаад өр ДНБ-ний 180%-тай тэнцэж байна. Түүнчлэн экспортолж буй түүхий эдийн ихэнх хэсгийг БНХАУ-руу экспортолж байгаатай холбоотойгоор Монгол улсын эдийн засаг гадаад хүчин зүйлсийн гэнэтийн шоконд эмзэг байгаа нь зээлжих зэрэглэлийг хязгаарлаж байна хэмээн мэдээлж байжээ.

Standard & Poor’s

Standard & Poor’s агентлагын хувьд 2019 оны 11-р сарын 28-ны өдөр Монгол улсын зээлжих зэрэглэлийг “В” хэвээр үлдээж, төлөвийг “тогтвортой” гэж үнэлжээ. Тус агентлагийн зүгээс хэдийгээр Монгол улсын төсвийн үзүүлэлтүүд болон эдийн засгийн өсөлтийн боломжууд сайжирч байгаа ч төрийн институцийн тогтворгүй байдал болон нийт гадаад өрийн хэмжээ их байгаатай холбоотойгоор Монгол улсын зээлжих зэрэглэлийг хэвээр үлдээжээ. Засгийн газраас эдийн засгийн үр ашигтай бодлогуудыг хэрэгжүүлж байгаа нь Монгол улсын макро эдийн засгийн хүлээлтийг нэмэгдүүлсэн байна. Энэ нь хэтийн төлөвт эерэгээр нөлөөлсөн ч Монгол улсын эдийн засгийн өсөлт түүхий эдийн зах зээлийн гэнэтийн ханшийн уналтаас хамааран уналтад орох эрсдэл байгаа нь төлөвийг “тогтвортой” хэвээр үлдээхэд нөлөөлжээ. Түүнчлэн Standard & Poor’s агентлагийн хувьд Монгол улсын эдийн засаг уул уурхайн салбарын экспортын өсөлттэй холбоотойгоор 3 дахь жилдээ 5 хувиас дээш хэмжээгээр өсөх хүлээлттэй байгаа ч түүхий эдийн зах зээлийн гэнэтийн үнийн савлагаанд хэт эмзэг, улс төрийн эрсдэл их, эдийн засаг уналтад ороход гадаад өрийн дарамтад орох эрсдэл их байгааг онцолжээ.

Монгол улсын зээлжих зэрэглэл болон хэтийн төлөв нь сүүлийн жилүүдэд буурч хөрөнгө оруулалтын хувьд өндөр эрсдэлтэй орны ангилалд багтаад байсан ч 2018 онд эдгээр агентлагууд Монгол Улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээг нэг шат ахиулсан байдаг билээ. Эдгээр агентлагууд сүүлд нийтэлсэн тайлангууддаа Монгол улсын эдийн засгийн боломж сайн байгаа болон төсвийн гүйцэтгэл эрс сайжирсан ч улс төрийн эрсдэл болон Монгол улсын эдийн засаг уул уурхайн салбараас хэт хамааралтай байгааг бүгд онцолжээ. Иймд, түүхий эдийн үнийн гэнэтийн савлагаанаас үүсэх Монгол улсын эдийн засгийн эмзэг байдлыг бүтцийн өөрчлөлтөөр дамжуулах бууруулах нь эдийн засгийг гадаад хүчин зүйлсээс үүсэх гэнэтийн шокоос хамгаалахаас гадна зээлжих зэрэглэлд эерэгээр нөлөөлөхөөр байгаа юм.

Эх сурвалж: ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ #5/2020, ТИ ДИ БИ КАПИТАЛ ҮЦК


Санал болгох мэдээ
ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ 2020.11.02 - 11.06

Хуваалцах
Бусад мэдээ