Та энд байна:

ҮСХ: I-IV сард зэсийн экспорт мөнгөн дүнгээр 523.8 сая ам.доллар хүрсэн 

Оны эхний дөрвөн сард эрдэс баялгийн экспортод хамгийн их жин дарж байгаа түүхий эдийн нэг болох нүүрсний экспорт биет дүнгээрээ 2.3 дахин өссөн байна. Эхний дөрвөн сард Монгол Улс нийт 11.6 сая тонн нүүрс экспортолсон нь жилийн өмнө 5.05 сая тонн байсантай харьцуулахад өссөн дүн болохыг ҮСХ танилцууллаа. Мөнгөн дүнгээр нь тооцвол нүүрсний экспорт жилийн өмнө 155.8 сая ам.доллар байсантай харьцуулахад 769.8 сая ам.доллар болж өсжээ. Нүүрсний гол экспортлогчдын нэг "Эрдэнэс Таван Толгой" компани он гарснаас хойш тавдугаар сарын 1-ний байдлаар нийт 3.3 сая тонныг экспортолсон. Энэ онд нийт экспортоо 53 хувиар нэмэгдүүлж, 11.5 сая тонн болгох зорилт тавьжээ. Овооттолгойд олборлолт хийж байгаа "Southgobi Resources" компанийн хувьд 2017 оны II хагаст өндөр түвшинд баяжуулсан хагас коксжих нүүрсний үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх зорилт тавьсан. Үүнтэй холбоотойгоор нүүрс угаах шинэ үйлдвэрийнхээ төлөвлөгөөг боловсруулж дуусаад байгаа талаараа санхүүгийн тайландаа дурьдсан байна. Ямартай ч компанийн борлуулалтын орлого I улиралд 25.3 сая ам.доллар болсон. "Mongolian Mining Corporation"-ийн хувьд I улиралд нүүрсний борлуулалт нь жилийн өмнөхөөс 277 хувиар өсөж, 798 мянган тонн болсон. Мөн олборлолт нь 282 хувиар нэмэгдэж, 1.6 сая тонн болсон талаараа мэдээлсэн юм.

Ямартай ч зах зээлийн эрэлт, ханшаа дагаад Монголын нүүрсний экспорт өндөр үзүүлэлттэй хэвээр байна. Нүүрсний гол боомтуудын нэг Гашуунсухайт-Ганцмодны боомтоор 20 гаруй компани нүүрс экспортолж байгаа талаар Боомтын захиргаа мэдээлсэн. Үүнээс гадна оны эхний дөрвөн сард зэсийн экспорт 501.7 мянган тонн болж, 2016 оны мөн үед 557.5 мянган тонн байсантай харьцуулахад буурсан. Мөнгөн дүнгээр тооцвол жилийн өмнөхөөс 17.8 хувиар буурч, 523.8 сая ам.доллар болжээ. Үүнд "Оюу Толгой"-н экспорт нэлээд жин дарж нөлөөлж буй. Оны эхний дөрвөн сард түүхий газрын тосны экспорт 18.3 хувиар буурч, 2.45 сая баррель болсон. Харин мөнгөн дүн нь 25 хувиар өсөж, 123.9 сая ам.доллар болсон байна. Монгол Улсын хувьд энэ онд нийт 1.1 сая тонн газрын тос олборлож экспортлохоор төлөвлөсөн талаар АМГТГ мэдээлсэн. Мөн Тосон-Уул, Тамсагийн ордоос олборлож байгаа "Дачин 33" маркийн газрын тос баррель нь дөрөвдүгээр сард 45.7 ам.долларын үнэтэй байсан бол Зүүнбаян, Цагаан элсний ордын "Брэнт" маркийн газрын тосны ханш 51.6 ам.доллар болсон талаар эх сурвалж мэдээлсэн. Алтны хувьд оны эхний дөрвөн сард 1.9 тонныг экспортолсон нь жилийн өмнөхтэй харьцуулахад 2.3 дахин буурсан. Эргэн сануулахад, Төв банкинд алт тушаалтыг нэмэгдүүлэхийн тулд Монголбанк Лондонгийн металлын биржийн ханшаар алтаа худалдан авч эхэлсэн. Мөн Засгийн газар "Алт-2" хөтөлбөрийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлаа хангаж байна.

 Эх сурвалж: Bloombergtv.mn