Та энд байна:

“AT&T” групп “Time Warner”-ийг 84.5 тэрбум ам.доллараар худалдан авна 

“AT&T” групп “Time Warner”-ийг 84.5 тэрбум ам.доллараар худалдан авахаар боллоо. Энэхүү хэлцэл хэрэгжсэнээр мэдээлэл болон харилцаа холбооны салбарыг нэгтгэсэн хамгийн том байгууллага бий болох юм. “AT&T”-ийн Гүйцэтгэх захирал Рандалл Стевенсоны мэдээлснээр "AT&T” группийн үндсэн үйл ажиллагаа болох интернэт, төлбөрт сувгийн үйлчилгээ аль хэдийн хөлөө олсон ажээ. Иймээс тус групп энтертаймэнт мөн хэвлэл, мэдээллийн салбарт хүч үзэхээр шийдээд байгаа юм. Цаашлаад “HBO”, “CNN” болон “Warner Bros” студи зэргийг эзэмшсэнээр зөвхөн контент түгээгч биш эзэмшигч болно гэж “AT&T” онцолжээ. Хэлцлийн үнийн дүнг харвал “Time Warner”-ийн нэгж хувьцаа бүрт 107.5 ам.доллар санал болгож байгаа аж. Мөн “Time Warner”-ийн хувьцаа эзэмшигчид нэгж хувьцаа бүрийнхээ 53.75 ам.долларыг бэлэн мөнгөөр, харин үлдсэнийг нь “AT&T”-ийн хувьцаа хэлбэрээр авах юм байна. Хэдий тийм боловч дээрх хоёр компани нэгдэх эсэхийг АНУ-ын Хууль зүйн яамнаас албан ёсоор зөвшөөрөх ёстой аж. Тиймээс хэлцэл эцсийн байдлаар 2017 оны сүүлээр дуусах төлөвтэй байгааг эх сурвалж мэдээллээ. 

 Эх сурвалж: Bloombergtv.mn